Түр хүлээнэ үү…
Loca платформ — вебсайт, мобайл аппликэйшн болон тэдгээрээр дамжуулан үзүүлэх үйлчилгээг ашиглах нөхцөл.
1.1. Зорилго, хамрах хүрээ
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (“Нөхцөл”) нь Loca платформыг ашиглахтай холбоотой Loca болон Хэрэглэгчийн хооронд үүсэх эрх, үүргийг зохицуулна.
Энэхүү Нөхцөл нь Loca-ийн вебсайт, мобайл аппликэйшн, тэдгээрийн интерфейс болон холбогдох цахим үйлчилгээг хамарна.
Нөхцөл нь Платформд Зочин байдлаар хандах, Аккаунт бүртгүүлэх, Бизнесийн профайл хайх, харах, эзэмших хүсэлт гаргах, Контент оруулах, Чат ашиглах болон Платформын бусад функцийг ашиглаж буй бүх Хэрэглэгчид үйлчилнэ.
Платформ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдахаар зориулагдсан бөгөөд энэхүү Нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтална.
1.2. Платформын оператор ба холбоо барих мэдээлэл
Платформын оператор нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан Loca (“Бид”, “Манай” гэх) байна.
Платформын операторын дэлгэрэнгүй мэдээлэл:
Мэдээлэл — Тодорхойлолт
Вэбсайт — www.loca.mn
Албан ёсны и-мэйл — info@loca.mn
Холбоо барих утас — 7288-4030
Хэрэглэгч Платформ, энэхүү Нөхцөл, Аккаунт, Бизнесийн профайл, Контент, Чат, гомдол, санал, хүсэлт болон бусад асуудлаар Loca-д 1.2.2-т заасан албан ёсны сувгаар хандаж болно.
1.3. Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
Хэрэглэгч Платформд хандах, ашиглах, Аккаунт үүсгэх, нэвтрэх, Контент оруулах, Бизнесийн профайл эзэмших хүсэлт гаргах, Чат ашиглах эсхүл Платформын аливаа функцийг ашигласнаар энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Бүртгэлтэй хэрэглэгч Аккаунт үүсгэх үедээ Нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрч байгаагаа Платформын интерфейсээр цахим хэлбэрээр илэрхийлнэ.
Loca нь Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой мэдээлэл, тухайлбал Нөхцөлийн хувилбар, зөвшөөрсөн огноо, цаг болон техникийн бүртгэлийг Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалж болно.
Хэрэглэгч энэхүү Нөхцөлтэй санал нийлэхгүй бол Платформын бүртгэлтэй болон интерактив функцийг ашиглах эрхгүй. Зочин Платформын нийтэд нээлттэй хэсгийг ашигласнаар энэхүү Нөхцөлийн өөрт нь хамаарах зохицуулалтыг зөвшөөрсөнд тооцно.
Хэрэглэгч Бизнес, хуулийн этгээд эсхүл бусад этгээдийн нэрийн өмнөөс Бизнесийн профайл эзэмших, удирдах, сурталчилгаа байршуулах эсхүл Платформын бусад функцийг ашиглаж байгаа бол тухайн этгээдийн нэрийн өмнөөс үйлдэх зохих эрхтэй болохоо батална.
1.4. Эрх зүйн чадамж, насны шаардлага
Аккаунт үүсгэх болон Бүртгэлтэй хэрэглэгчид зориулсан функцийг ашиглах Хэрэглэгч 18 нас хүрсэн байна.
Хэрэглэгч Аккаунт үүсгэхдээ 18 нас хүрсэн, энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлогыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөн болохоо цахим хэлбэрээр батална.
Loca нь Хэрэглэгчийн насыг тогтмол шалгах техникийн хэрэгсэл ашиглах үүрэг хүлээхгүй. Гэвч Хэрэглэгч 18 нас хүрээгүй нь тогтоогдвол Loca нь түүний Аккаунт эсхүл тодорхой функцийг хязгаарлах, нэмэлт баталгаажуулалт шаардах, эсхүл 11 дүгээр бүлэгт заасан арга хэмжээ авах эрхтэй.
Зочин нь Платформын нийтэд нээлттэй хайлтын хэсгийг ашиглаж болох боловч Аккаунт үүсгэх, Контент оруулах, Чат ашиглах, Бизнесийн профайл эзэмших зэрэг бүртгэлтэй хэрэглэгчийн функцийг ашиглахгүй.
1.5. Нэр томьёо ба тодорхойлолт
Энэхүү Нөхцөлд дараах нэр томьёог доорх утгаар ойлгоно:
Нэр томьёо — Тодорхойлолт
Loca — Платформ болон түүний оператор
Платформ — Loca-ийн вебсайт, мобайл аппликэйшн, интерфейс болон тэдгээрийн цахим үйлчилгээ
Хэрэглэгч — Платформыг ашиглаж буй Зочин, Бүртгэлтэй хэрэглэгч, Эзэмшигч болон бусад этгээд
Зочин — Аккаунт үүсгээгүй бөгөөд Платформын хайлтын болон нийтэд нээлттэй мэдээллийн хэсгийг ашиглаж буй Хэрэглэгч
Бүртгэлтэй хэрэглэгч — Утасны дугаар эсхүл имэйлээр Аккаунт үүсгэж, баталгаажуулалт хийсэн Хэрэглэгч
Аккаунт — Бүртгэлтэй хэрэглэгчийн Платформд нэвтрэх, тодорхой функц ашиглах цахим бүртгэл
Бизнес — Платформ дээр танилцуулагдсан бараа, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд, хувь хүн, байгууллага, салбар эсхүл үйлчилгээний цэг
Бизнесийн профайл — Бизнесийн нэр, байршил, ангилал, холбоо барих мэдээлэл болон бусад танилцуулгыг агуулсан Платформын хуудас
Эзэмшигч — Loca-ийн шалгуурын дагуу Бизнесийн профайлыг удирдах эрх авсан Бүртгэлтэй хэрэглэгч
Контент — Платформд оруулсан, илгээсэн эсхүл байршуулсан текст, зураг, видео, сэтгэгдэл, үнэлгээ, асуулт, хариулт, файл, холбоос болон бусад материал
Чат — Бүртгэлтэй хэрэглэгч болон Эзэмшигчийн хооронд Платформоор дамжуулан солилцсон мессеж болон түүнд хавсаргасан материал
Байршлын мэдээлэл — Хэрэглэгчийн зөвшөөрлөөр төхөөрөмжийн байршлын үйлчилгээнээс авсан бөгөөд ойр Бизнесийн хайлтын үр дүнг харуулахад ашиглаж болох мэдээлэл
1.6. Холбогдох баримт бичиг, түүний эрэмбэ
Платформыг ашиглахад энэхүү Нөхцөл, Нууцлалын бодлого, Платформ дээр нийтэлсэн холбогдох журам, заавар болон Loca, Бизнесийн хооронд байгуулсан тусдаа гэрээ, хэрэв байгаа бол, үйлчилнэ.
Энэхүү Нөхцөл болон тухайн үйлчилгээ, функцтэй холбоотой тусдаа гэрээний хооронд зөрчил гарвал тухайн харилцаанд шууд хамаарах тусдаа гэрээ давуу үйлчилнэ.
Нууцлалын бодлого болон энэхүү Нөхцөлийн хооронд хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой зөрчил гарвал Нууцлалын бодлого давуу үйлчилнэ.
Энэхүү Нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн эсхүл хэрэгжих боломжгүй гэж тогтоогдсон тохиолдолд бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
1.7. Мэдэгдлийн хэлбэр, хэл
Loca болон Хэрэглэгчийн хооронд энэхүү Нөхцөлтэй холбоотой мэдэгдэл, сануулга, баталгаажуулалт, хүсэлт, хариу болон бусад харилцааг цахим хэлбэрээр хүргүүлж болно.
Loca нь Хэрэглэгчид мэдэгдэл хүргүүлэхдээ Платформ эсхүл Хэрэглэгчийн Аккаунтад бүртгүүлсэн имэйл хаяг, утасны дугаар болон бусад бүртгэлтэй холбоо барих сувгийг ашиглаж болно.
Хэрэглэгч өөрийн Аккаунтад бүртгүүлсэн холбоо барих мэдээллийг үнэн зөв, хүчинтэй, шинэчлэгдсэн байлгах үүрэгтэй.
Энэхүү Нөхцөлийн албан ёсны хэл нь монгол хэл байна. Нөхцөлийг бусад хэлээр орчуулан нийтэлсэн тохиолдолд монгол хэл дээрх хувилбар давуу хүчинтэй байна.
2.1. Платформын үйлчилгээний хүрээ
Loca нь Хэрэглэгчид Бизнесийн талаарх нийтэд нээлттэй болон Платформд оруулсан мэдээллийг хайх, харах, ангилах, харьцуулах, Бизнесийн профайл үзэх болон Платформын бусад холбогдох функцийг ашиглах боломж олгодог цахим платформ юм.
Платформын зарим функц нь зөвхөн Бүртгэлтэй хэрэглэгч, Эзэмшигч, эсхүл Loca-аас тогтоосон бусад шалгуур хангасан Хэрэглэгчид нээлттэй байж болно.
Loca нь Платформын функц, интерфейс, мэдээллийн ангилал, хайлтын үр дүнгийн харагдах хэлбэр болон ашиглалтын нөхцөлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, нэмэх, хасах, түр зогсоох эрхтэй. Нөхцөлд оруулах чухал өөрчлөлтийг 16 дугаар бүлэгт заасан журмаар мэдэгдэнэ.
2.2. Loca-ийн статус
Loca нь Бизнесийн талаарх мэдээлэл, хайлт, Контент байршуулалт, Чат болон бусад Платформын функцийг ашиглах техникийн орчин бүрдүүлэгч байна.
Loca нь Хэрэглэгч болон Бизнесийн хооронд үүсэх бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах, захиалах, төлбөр хийх, хүргэх, буцаах, солих, баталгаат үйлчилгээ үзүүлэх болон бусад ажил хэргийн харилцааны тал биш байна.
Loca нь Бизнесийн өмнөөс борлуулагч, гүйцэтгэгч, төлөөлөгч, агент, батлан даагч, төлбөрийн зуучлагч, хүргэгч эсхүл баталгаат үйлчилгээ үзүүлэгчээр ажиллахгүй.
Хэрэглэгч нь Бизнесийн бараа, ажил, үйлчилгээ, үнэ, урамшуулал, ажиллах цаг, байршил, тусгай зөвшөөрөл, аюулгүй байдал болон бусад мэдээллийг бие даан нягталж, өөрийн шийдвэрээр Бизнесийн үйлчилгээтэй холбоотой харилцаанд орно.
Хэрэглэгч болон Бизнесийн хооронд Чатаар эсхүл Платформоос гадуур тохирсон аливаа үнэ, захиалга, төлбөр, бараа, ажил, үйлчилгээ, хүргэлт, буцаалт, баталгаа, маргаан болон бусад харилцааг тухайн талууд өөрсдөө шууд хариуцаж, шийдвэрлэнэ.
2.3. Бизнесийн мэдээлэл ба “Эзэмшигчтэй” тэмдэг
Бизнесийн профайлд Бизнес, Эзэмшигч, Хэрэглэгч, эсхүл бусад эх сурвалжаас бүрдсэн мэдээлэл байрлаж болно. Ийм мэдээлэл өөрчлөгдсөн, дутуу, хуучирсан, алдаатай эсхүл бодит нөхцөл байдлаас зөрүүтэй байж болно.
Loca нь Бизнесийн бараа, ажил, үйлчилгээ, үнэ, урамшуулал, ажиллах цаг, байршил, чанар, аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл, бусад мэдээллийн үнэн зөв, бүрэн, шинэчлэгдсэн эсхүл Хэрэглэгчийн хэрэгцээнд тохирох байдлыг батлахгүй.
Платформ дээрх “Эзэмшигчтэй” тэмдэг нь тухайн Бизнесийн профайлыг удирдах хүсэлт Loca-ийн шалгуурын дагуу зөвшөөрөгдсөнийг л илэрхийлнэ. Энэхүү тэмдэг нь Бизнесийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл, хууль ёсны байдал, үнэ, урамшуулал, эсхүл профайл дахь бусад мэдээллийг Loca баталсан гэсэн утга агуулахгүй.
Бизнесийн мэдээллийг засах, шинэчлэх, устгах хүсэлт болон Бизнесийн профайл эзэмшихтэй холбоотой зохицуулалт 5 болон 6 дугаар бүлэгт зааснаар хэрэгжинэ.
2.4. Үйлчилгээг өөрчлөх, түр зогсоох
Loca нь Платформын аюулгүй байдал, техникийн засвар үйлчилгээ, хууль тогтоомжийн шаардлага, гуравдагч талын үйлчилгээний өөрчлөлт, кибер эрсдэл, давагдашгүй хүчин зүйл болон бусад үндэслэлээр Платформын аль нэг хэсэг, функц эсхүл мэдээлэлд түр болон бүрмөсөн өөрчлөлт оруулах, хязгаарлах, зогсоох, устгах эрхтэй.
Боломжтой тохиолдолд Loca нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ, урт хугацааны тасалдал, Хэрэглэгчийн ашиглалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдэнэ.
Аюулгүй байдлын яаралтай эрсдэл, хууль ёсны шаардлага, гуравдагч талын гэнэтийн доголдол, эсхүл Хэрэглэгчийн болон Платформын аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай бол Loca урьдчилан мэдэгдэлгүйгээр 2.4.1-д заасан арга хэмжээг авч болно.
Платформын аливаа функц өөрчлөгдөх, хязгаарлагдах эсхүл зогсох нь Хэрэглэгч болон Бизнесийн хооронд Платформоос гадуур үүссэн аливаа харилцаанд Loca-г тал болгохгүй.
3.1. Хэрэглэгчийн ангилал
Платформын Хэрэглэгч нь Зочин, Бүртгэлтэй хэрэглэгч, Эзэмшигч, эсхүл Бизнесийн нэрийн өмнөөс Платформ ашиглаж буй эрх бүхий этгээд байж болно.
Зочин нь Аккаунт үүсгэхгүйгээр Платформын хайлтын үр дүн болон Бизнесийн профайлын нийтэд нээлттэй мэдээллийг хайх, үзэх эрхтэй.
Бүртгэлтэй хэрэглэгч нь Платформын тухайн үеийн техникийн боломж, энэхүү Нөхцөл болон холбогдох журмын хүрээнд функцуудыг ашиглана.
Эзэмшигч нь Бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээс гадна 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу тухайн Бизнесийн профайлыг удирдах, шинэчлэх, Контент оруулах, Хэрэглэгчийн асуулт, сэтгэгдэл болон Чатад хариу өгөх эрхтэй.
Loca нь Платформын аюулгүй байдал, техникийн боломж, холбогдох хууль тогтоомж, Хэрэглэгчийн ангилал, баталгаажуулалтын түвшин болон бусад үндэслэлээр тодорхой функцийг бүх Хэрэглэгчид эсхүл тодорхой ангиллын Хэрэглэгчид нээх, хязгаарлах, өөрчлөх, түр зогсоох эрхтэй.
3.2. Бүртгэл үүсгэх, баталгаажуулах
Бүртгэлтэй хэрэглэгчийн функц ашиглах этгээд нь утасны дугаар, имэйл хаяг эсхүл Loca-аас зөвшөөрсөн бусад аргаар Аккаунт үүсгэнэ.
Хэрэглэгч Аккаунт үүсгэхдээ үнэн зөв, бүрэн, хүчинтэй, өөрийн хяналтад байгаа утасны дугаар, имэйл хаяг болон Платформоос шаардсан бусад мэдээллийг оруулна.
Loca нь утасны дугаарт нэг удаагийн нууц код (OTP), имэйл хаягт баталгаажуулах код эсхүл үүнтэй адилтгах аргаар Аккаунтыг баталгаажуулж болно.
Утасны дугаар эсхүл имэйл хаягаар хийсэн баталгаажуулалт нь тухайн холбоо барих сувагт хандах боломжийг нотлох техникийн арга хэмжээ болно. Энэ нь Хэрэглэгчийн нас, иргэний үнэмлэх, хаяг, Бизнесийн эрх бүхий төлөөлөгчийн статус, эсхүл бусад хууль зүйн байдлыг Loca бүрэн шалгасан гэсэн утга агуулахгүй.
Хэрэглэгч бүртгэлийн мэдээлэл нь өөрчлөгдсөн, буруу эсхүл хуучирсан тохиолдолд түүнийг Платформын тохиргоо эсхүл Loca-аас заасан журмаар шинэчлэх үүрэгтэй.
3.3. Аккаунтын аюулгүй байдал
Хэрэглэгч нь өөрийн Аккаунт, нууц үг, OTP, утасны дугаар, имэйл хаяг, нэвтрэх төхөөрөмж болон бусад нэвтрэх мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангана.
Хэрэглэгч нь өөрийн Аккаунтаар хийсэн үйлдэл, түүний дотор Контент оруулах, Чат ашиглах, Бизнесийн профайл эзэмших хүсэлт гаргах, Бизнесийн профайл удирдах болон бусад үйлдэлд хариуцлага хүлээнэ.
Хэрэглэгч дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:
Аккаунт, нууц үг, OTP эсхүл бусад нэвтрэх эрхийг бусдад худалдах, шилжүүлэх, хуваалцах, ашиглуулах
Бусдын утасны дугаар, имэйл хаяг, Аккаунт, нууц үг, OTP эсхүл бусад нэвтрэх мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах;
Бусдын Аккаунтад нэвтрэх, нэвтрэхийг оролдох, эсхүл Аккаунттай холбоотой аюулгүй байдлын хамгаалалтыг тойрч гарах;
Бусдын Аккаунт эсхүл нэвтрэх мэдээллийг ашиглан Платформын хязгаарлалт, түдгэлзүүлэлт, хаалтыг тойрч гарах
Хэрэглэгч өөрийн Аккаунт эсхүл нэвтрэх мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй ашиглагдсан, эсхүл аюулгүй байдал алдагдсан гэж сэжиглэсэн бол Loca-д info@loca.mn сувгаар нэн даруй мэдэгдэнэ.
3.4. Нэг хүн, нэг аккаунт ба давхардсан бүртгэл
Хэрэглэгч нь нэгээс олон Аккаунт үүсгэхгүй байх зарчмыг баримтална. Loca нь энэхүү шаардлагыг зөрчсөн Аккаунтад 11 дүгээр бүлэгт заасан арга хэмжээ авч болно.
Нэг Бизнесийн профайлыг нэг удаад зөвхөн нэг Эзэмшигчийн Аккаунт удирдана. Нэг Бизнесийн профайлд хоёр буюу түүнээс олон Аккаунтад зэрэгцээ удирдах эрх олгохгүй.
Эзэмшигч нь Бизнесийн профайл удирдах эрхээ бусдад шилжүүлэх, хуваалцах, ашиглуулахгүй. Эзэмшигчийн эрх шилжих, Эзэмшигч солигдох эсхүл эзэмшлийн маргаан гарсан тохиолдолд 6 дугаар бүлэгт заасан журам үйлчилнэ.
3.5. Аккаунт хаах, устгах
Хэрэглэгч Аккаунтаа хаах эсхүл устгах хүсэлтийг info@loca.mn албан имэйл хаягаар Loca-д гаргаж болно.
Loca нь хүсэлт гаргагчийг тухайн Аккаунтын эзэмшигч мөн эсэхийг баталгаажуулах зорилгоор нэмэлт мэдээлэл, тайлбар эсхүл баталгаажуулалт шаардаж болно.
Аккаунт хаах, устгах хүсэлтийг шийдвэрлэхэд Хэрэглэгчийн Контент, Чат, Бизнесийн профайл, Эзэмшигчийн эрх, нөөц хуулбар, гомдол, маргаан, хууль ёсны шаардлага болон бусад холбогдох нөхцөлийг Нууцлалын бодлого болон энэхүү Нөхцөлд заасан журмаар харгалзан үзнэ.
Аккаунтыг хаасан, устгасан, хязгаарласан эсхүл түдгэлзүүлсэн нь Хэрэглэгчийн өмнө үүссэн үүрэг, хариуцлага, гомдол, маргаан, нөхөн төлбөр, нууцлал, оюуны өмч болон хүчин төгөлдөр үлдэх зохицуулалтаас Хэрэглэгчийг чөлөөлөхгүй.
Loca нь Хэрэглэгчийн хүсэлтээр хаасан эсхүл устгасан Аккаунтыг дахин сэргээх үүрэг хүлээхгүй.
4.1. Байршлын мэдээллийг ашиглах
Loca нь Хэрэглэгчийн зөвшөөрлөөр төхөөрөмжийн байршлын үйлчилгээнээс авсан Байршлын мэдээллийг Хэрэглэгчийн ойр орчимд байрлах Бизнесийг хайх, хайлтын үр дүнг харуулах болон байршилд суурилсан функцийг ажиллуулах зорилгоор боловсруулж болно.
Loca нь Байршлын мэдээллийг ашиглахын өмнө Хэрэглэгчээс төхөөрөмжийн үйлдлийн систем болон Платформын интерфейсээр дамжуулан шаардлагатай зөвшөөрөл авна.
Хэрэглэгч Байршлын мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно. Энэ тохиолдолд байршилд суурилсан хайлтын үр дүн, ойр Бизнес харуулах болон бусад холбогдох функц хязгаарлагдаж болно.
Хэрэглэгч төхөөрөмжийнхөө тохиргоогоор Loca-д олгосон байршлын зөвшөөрлийг хэдийд ч өөрчлөх, хязгаарлах эсхүл цуцлах боломжтой. Зөвшөөрлийг цуцалсан нь цаашид Байршлын мэдээлэл цуглуулахыг хязгаарлах боловч өмнө цуглуулсан мэдээллийг боловсруулах, хадгалах, устгахтай холбоотой зохицуулалт Нууцлалын бодлогод зааснаар хэрэгжинэ.
4.2. Хайлтын үр дүн
Платформын хайлтын үр дүн нь Хэрэглэгчийн хайлтын үг, ангилал, Байршлын мэдээлэл, гар аргаар сонгосон байршил, Бизнесийн профайлын мэдээлэл болон Платформын тухайн үеийн техникийн шийдэлд үндэслэн гарч болно.
Платформд харуулсан Бизнесийн байршил, зай, чиглэл, “ойр” гэсэн тэмдэглэгээ, хайлтын үр дүнгийн дараалал болон бусад байршилд суурилсан мэдээлэл нь ойролцоогоор тооцоологдсон байж болно.
Байршлын мэдээлэл, төхөөрөмжийн тохиргоо, сүлжээ, газрын зургийн өгөгдөл, Бизнесийн профайлын мэдээлэл болон бусад техникийн нөхцөлөөс шалтгаалан хайлтын үр дүн, зай, чиглэл, байршлын тэмдэглэгээ бодит нөхцөлөөс зөрөх, хоцрох, алдаатай эсхүл тодорхойгүй байх боломжтой.
Хэрэглэгч Бизнесийн байршилд очих, бараа, ажил, үйлчилгээ авах, эсхүл Бизнесийн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахаас өмнө тухайн Бизнесийн хаяг, ажиллах цаг, холбоо барих мэдээлэл болон шаардлагатай бусад нөхцөлийг Бизнесээс шууд нягтална.
Хайлтын үр дүнгийн дараалал, Бизнесийн профайлын харагдах байдал, ангилал болон “ойр” гэсэн тэмдэглэгээ нь тухайн Бизнесийн чанар, аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл, үнэ, найдвартай байдал эсхүл Хэрэглэгчид тохирох эсэхийг Loca баталсан гэсэн утга агуулахгүй.
5.1. Бизнесийн профайл
Loca нь Платформын зорилгод нийцүүлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Бизнесийн талаар Бизнесийн профайл үүсгэж, нийтэд нээлттэй мэдээлэл харуулж болно. Loca нь Платформын зорилгод нийцүүлэн Бизнесийн профайл үүсгэж, Бизнесийн талаарх нийтэд нээлттэй болон Платформд оруулсан мэдээллийг харуулж болно.
Бизнесийн профайл Платформ дээр байрласан нь тухайн Бизнес Loca-тэй гэрээ байгуулсан, Loca-аас шалгагдсан, баталгаажсан, дэмжигдсэн, эсхүл Бизнесийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл, хууль ёсны байдлыг Loca баталсан гэсэн утга агуулахгүй.
5.2. Мэдээлэл бүрдүүлэх шинэчлэх
Бизнесийн профайл дахь мэдээлэл нь Бизнес, Эзэмшигч, Хэрэглэгч, эсхүл нийтэд нээлттэй эх сурвалжаас бүрдсэн байж болно.
Эзэмшигч нь Бизнесийн профайлд оруулсан, засварласан, баталгаажуулсан мэдээлэл нь үнэн зөв, бүрэн, шинэчлэгдсэн, хууль тогтоомж болон бусдын эрхэд нийцсэн байхыг хариуцна.
Эзэмшигч нь Бизнесийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, ажиллах цаг, бараа, ажил, үйлчилгээ, үнэ, урамшуулал болон бусад профайлын мэдээлэл өөрчлөгдсөн, алдаатай, хуучирсан, төөрөгдүүлсэн, эсхүл Бизнесийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд түүнийг нэн даруй засах, шинэчлэх, устгах хүсэлт гаргах эсхүл Loca-д мэдэгдэх үүрэгтэй.
Эзэмшигч нь Платформд оруулсан зураг, лого, текст, видео, холбоос болон бусад Контентыг ашиглахад шаардлагатай эрх, зөвшөөрөлтэй байхыг хариуцна.
Loca нь Бизнесийн профайлын мэдээллийн талбар, ангилал, харагдах хэлбэр, засварлах боломж болон техникийн шаардлагыг өөрчлөх, нэмэх, хасах, хязгаарлах эрхтэй.
5.3. Засварын санал, Бизнес нэмэх хүсэлт
Бүртгэлтэй хэрэглэгч Бизнесийн профайл дахь буруу, дутуу, хуучирсан эсхүл өөрчлөгдсөн байж болзошгүй мэдээллийн талаар засварын санал гаргаж болно.
Бүртгэлтэй хэрэглэгч Платформд бүртгэгдээгүй Бизнесийн мэдээллийг нэмэх хүсэлт гаргаж болно.
Засварын санал болон Бизнес нэмэх хүсэлт нь тухайн мэдээллийг автоматаар нийтлэх, Бизнесийн профайл үүсгэх, өөрчлөх, Эзэмшигчийн эрх олгох, эсхүл мэдээллийг үнэн зөв гэж батлах үндэслэл болохгүй.
Loca нь засварын санал, Бизнес нэмэх хүсэлтийг шалгах, нэмэлт мэдээлэл, тайлбар, эх сурвалж эсхүл баримт шаардах, хүлээн авах, хэсэгчлэн хүлээн авах, татгалзах, засварлах, түр нуух, устгах эрхтэй.
Хэрэглэгч засварын санал эсхүл Бизнес нэмэх хүсэлт гаргахдаа үнэн зөв, шалгагдах боломжтой, хууль ёсны, бусдын эрх зөрчөөгүй мэдээлэл оруулна. Хэрэглэгч нь өрсөлдөгч Бизнесэд хохирол учруулах, хуурамч Бизнес үүсгэх, залилан мэхлэх, бусдыг төөрөгдүүлэх, эсхүл хууль бус зорилгоор засварын санал, Бизнес нэмэх хүсэлт гаргахгүй.
5.4. Буруу, эрх зөрчсөн мэдээллийг мэдэгдэх
Бизнес, Эзэмшигч, эрх эзэмшигч, Хэрэглэгч, эсхүл бусад гуравдагч этгээд нь Бизнесийн профайл дахь мэдээлэл дараах нөхцөлийг хангасан гэж үзвэл info@loca.mn имэйл хаяг, Платформын тухайн үеийн report функц, эсхүл Loca-аас заасан бусад сувгаар засвар, устгал, хязгаарлалт, дахин хянуулах хүсэлт гаргаж болно. Үүнд:
Буруу, дутуу, хуучирсан, төөрөгдүүлсэн;
Тухайн Бизнесийн нэр, барааны тэмдэг, зохиогчийн эрх, нууц мэдээлэл, хувийн мэдээлэл, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эсхүл бусад хууль ёсны эрхийг зөрчсөн;
Хууль бус, аюултай, зохисгүй, эсхүл холбогдох хууль тогтоомж, Нэмэлт нөхцөл, Контентын бодлогыг зөрчсөн;
Бизнесийн үйл ажиллагаа зогссон, нүүсэн, өөрчлөгдсөн, эсхүл бодит байдалтай нийцэхгүй болсон.
Хүсэлт гаргагч нь боломжит хэмжээнд холбогдох Бизнесийн профайл, буруу эсхүл зөрчилтэй мэдээлэл, хүсэлтийн үндэслэл, холбоо барих мэдээлэл болон нотлох баримтаа ирүүлнэ.
Loca нь хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл болон нотлох баримтыг шалгах, нэмэлт тайлбар эсхүл баримт шаардах, мэдээллийг засварлах, түр нуух, устгах, хүсэлтээс татгалзах эсхүл 9, 11 дүгээр бүлэгт заасан зохистой арга хэмжээ авах эрхтэй.
Хүсэлт гаргасан нь тухайн мэдээлэл, Бизнесийн профайл эсхүл Контентыг автоматаар устгах, засах, хязгаарлах үндэслэл болохгүй. Харин бусдын эрх, аюулгүй байдалд шууд эрсдэл учруулж болзошгүй тохиолдолд Loca урьдчилан мэдэгдэлгүйгээр түр хамгаалалтын арга хэмжээ авч болно.
6.1. Эзэмших хүсэлт гаргах
Бүртгэлтэй хэрэглэгч нь тухайн Бизнесийн хууль ёсны эзэмшигч, удирдах албан тушаалтан, эрх бүхий ажилтан, төлөөлөгч, франчайз эзэмшигч, салбарын эрх бүхий удирдлага, эсхүл Бизнесийн нэрийн өмнөөс Бизнесийн профайлыг удирдах хангалттай эрхтэй этгээд бол тухайн Бизнесийн профайл эзэмших хүсэлт (“Эзэмших хүсэлт”) гаргаж болно.
Эзэмших хүсэлт гаргасан нь Бизнесийн профайлыг автоматаар удирдах эрх үүсгэхгүй. Loca нь хүсэлтийг шалгаж, зөвшөөрөх, татгалзах, нэмэлт мэдээлэл эсхүл баримт шаардах эрхтэй.
6.2. Баталгаажуулалт ба админ шалгалт
Loca нь Эзэмших хүсэлтийг шалгахдаа дараах мэдээллийг шаардана:
Хэрэглэгчийн Loca Аккаунтад бүртгэлтэй утасны дугаарт илгээсэн OTP-оор баталгаажуулалт хийх;
тухайн Бизнесийн гадна тал болон дотор орчныг харуулсан зураг оруулах.
Loca нь Эзэмших хүсэлтийг админ хяналтаар шалгана. Админ нь ирүүлсэн мэдээлэл, зураг, Бизнесийн профайлын мэдээлэл болон бусад холбогдох нөхцөлийг харгалзан хүсэлтийг зөвшөөрөх, татгалзах, нэмэлт тайлбар эсхүл баримт шаардах шийдвэр гаргаж болно.
OTP, зураг, баримт, админ шалгалт болон бусад баталгаажуулалт нь зөвхөн тухайн Хэрэглэгчид Платформ дээр Бизнесийн профайл удирдах эрх олгох зорилготой болно.
6.3. “Эзэмшигчтэй” тэмдэглэгээ
Loca нь Эзэмших хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн Бизнесийн профайлд “Эзэмшигчтэй” гэсэн тэмдэг байршуулж болно.
“Эзэмшигчтэй” тэмдэг нь тухайн Бизнесийн профайлыг удирдах Хэрэглэгчийн хүсэлт Loca-ийн тухайн үеийн шалгуурын дагуу зөвшөөрөгдсөнийг л илэрхийлнэ.
“Эзэмшигчтэй” тэмдэг нь Бизнесийн бараа, ажил, үйлчилгээ, үнэ, урамшуулал, чанар, аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл, лиценз, хууль ёсны байдал, эсхүл Бизнесийн профайл дахь мэдээллийг Loca шалгасан, баталсан, дэмжсэн, зөвлөсөн, эсхүл баталгаа гаргасан гэсэн утга агуулахгүй.
6.4. Нэг профайл, нэг Эзэмшигч
Нэг Бизнесийн профайлыг нэг удаад зөвхөн нэг Эзэмшигчийн Аккаунт удирдана. Нэг Бизнесийн профайлыг хоёр буюу түүнээс олон Аккаунтад зэрэгцээ удирдах эрх олгохгүй.
Эзэмшигч нь Бизнесийн профайл удирдах эрх, Аккаунт, нууц үг, OTP болон бусад нэвтрэх мэдээллийг бусдад шилжүүлэх, хуваалцах, худалдах, түрээслэх, ашиглуулахгүй.
Эзэмшигч Бизнесийн нэрийн өмнөөс үйлдэх эрхгүй болсон, Бизнесийн удирдлага, өмчлөл, эрх бүхий төлөөлөл, холбоо барих мэдээлэл, хаяг эсхүл Бизнесийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тохиолдолд Loca-д info@loca.mn сувгаар нэн даруй мэдэгдэнэ.
6.5. Эзэмшигчийн эрх, үүрэг
Эзэмшигч нь Платформын техникийн боломжийн хүрээнд тухайн Бизнесийн профайлын нэр, ангилал, хаяг, байршил, холбоо барих мэдээлэл, ажиллах цаг, танилцуулга, бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээлэл, үнэ, урамшуулал, зураг, лого, видео, холбоос болон бусад зөвшөөрөгдсөн Контентыг оруулах, засварлах, шинэчлэх хүсэлт гаргах эрхтэй.
Эзэмшигч нь тухайн Бизнесийн профайл дээрх Хэрэглэгчийн асуулт, сэтгэгдэл, үнэлгээ болон Чатад хариу өгөх, холбогдох Контент нь Нөхцөл, хууль тогтоомж эсхүл бусдын эрхийг зөрчсөн гэж үзвэл 9 дүгээр бүлэгт заасан журмаар мэдэгдэл гаргах эрхтэй.
Эзэмшигч нь Бизнесийн профайлд оруулсан, засварласан, баталгаажуулсан бүх мэдээлэл, Контент болон сурталчилгааны материалын үнэн зөв, бүрэн, шинэчлэгдсэн, хууль ёсны, бусдын эрх зөрчөөгүй байдлыг хариуцна.
Эзэмшигч нь Бизнесийн бараа, ажил, үйлчилгээ, үнэ, урамшуулал, захиалга, төлбөр, хүргэлт, буцаалт, баталгаа, хэрэглэгчийн аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл, лиценз, татвар болон Бизнес–Хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааны үүргийг өөрөө хариуцна.
Эзэмшигч нь Хэрэглэгчийн сэтгэгдэл, үнэлгээ, асуулт эсхүл хариулт нь сөрөг, тааламжгүй, эсхүл Бизнесийн ашиг сонирхолд нийцэхгүй гэсэн ганц үндэслэлээр түүнийг устгуулах, нуух, өөрчлүүлэхийг шаардах эрхгүй. Эзэмшигч нь тухайн Контент хууль, энэхүү Нөхцөл эсхүл бусдын эрхийг зөрчсөн байж болзошгүй тохиолдолд л мэдэгдэл гаргаж болно.
6.6. Эзэмшил шилжүүлэх
Эзэмшигчийн эрх шилжих, Эзэмшигч солигдох эсхүл Бизнесийн профайл эзэмших эрхтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд Loca нь одоогийн Эзэмшигчийн профайл удирдах эрхийг түр хязгаарлаж, нэмэлт мэдээлэл, баримт, тайлбар шаардаж болно.
Loca нь ирүүлсэн мэдээлэл, баримт, Платформын бүртгэл болон холбогдох нөхцөлд үндэслэн Эзэмшигчийн эрхийг хэвээр үлдээх, шинэ Хэрэглэгчид шилжүүлэх, цуцлах, дахин баталгаажуулалт шаардах эсхүл Бизнесийн профайлыг Эзэмшигчгүй хэлбэрээр байрлуулах шийдвэр гаргаж болно.
7.1. Контент оруулах эрх
Бүртгэлтэй хэрэглэгч нь Платформын техникийн боломж, энэхүү Нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Контент оруулж, нийтэлж, илгээж, засварлаж, устгаж болно.
Хэрэглэгчийн оруулж болох Контентод дараах агуулга хамаарна:
Бизнесийн талаарх сэтгэгдэл, үнэлгээ;
асуулт, хариулт, тайлбар;
Бизнесийн профайлын мэдээлэлтэй холбоотой засварын санал;
Бизнес нэмэх хүсэлт болон түүнд хавсаргах мэдээлэл;
зураг, видео, файл, холбоос болон бусад материал;
Эзэмших хүсэлт, мэдэгдэл, гомдол, дахин хянуулах хүсэлттэй холбоотой тайлбар, зураг, баримт;
Чат болон Платформын бусад функцээр илгээсэн агуулга.
Хэрэглэгчийн Контент нь тухайн Хэрэглэгчийн үзэл бодол, туршлага, тайлбар эсхүл оруулсан мэдээлэл болно. Контент нь Loca-ийн албан ёсны байр суурь, зөвлөмж, дэмжлэг, баталгаа эсхүл Бизнесийн талаарх үнэлгээ биш юм.
Loca нь Хэрэглэгчийн Контентыг урьдчилан бүрэн хянах, үнэн зөвийг нь баталгаажуулах үүрэг хүлээхгүй. Контентын модерац, мэдэгдэл, гомдол болон дахин хяналтын зохицуулалт 9 дүгээр бүлэгт зааснаар хэрэгжинэ.
7.2. Сэтгэгдэл ба үнэлгээ
Бүртгэлтэй хэрэглэгч нь тухайн Бизнесийн бараа, ажил, үйлчилгээ, харилцаа, байршил, ажиллах цаг, эсхүл Бизнесийн профайл дахь мэдээллийн бодит байдалтай холбоотой өөрийн бодит туршлага, шударга үзэл бодолд үндэслэн сэтгэгдэл, үнэлгээ үлдээж болно.
Нэг Бүртгэлтэй хэрэглэгч нь нэг Бизнесийн профайлд нэг удаад нэг идэвхтэй сэтгэгдэл болон үнэлгээ байршуулна. Хэрэглэгч уг сэтгэгдэл, үнэлгээг Платформын техникийн боломжийн хүрээнд засах, шинэчлэх эсхүл устгаж болно.
7.3. Хориотой контент
Хэрэглэгч нь Платформд дараах Контент оруулах, илгээх, нийтлэх, түгээх эсхүл сурталчлахгүй:
хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэрэг, залилан, хууль бус бараа, ажил, үйлчилгээ, эсхүл хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн агуулга;
бусдыг доромжилсон, гутаасан, заналхийлсэн, сүрдүүлсэн, дарамталсан, ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан, хүчирхийлэлд уриалсан, бэлгийн дарамт, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой агуулга;
илт худал, төөрөгдүүлсэн, гүтгэлгийн, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах зорилготой агуулга;
бусдын хувийн, нууц, санхүүгийн, нэвтрэх, эрүүл мэндийн болон бусад хамгаалагдсан мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэлсэн агуулга;
бусдын зохиогчийн эрх, барааны тэмдэг, худалдааны нууц эсхүл бусад оюуны өмчийн эрхийг зөрчсөн агуулга;
хуурамч, зохиомол, автоматжуулсан, худалдан авсан эсхүл урамшууллын хариуд оруулсан сэтгэгдэл, үнэлгээ, асуулт, хариулт;
вирус, хортой код, phishing, залилангийн холбоос, файл эсхүл Платформ, Хэрэглэгчийн төхөөрөмж, мэдээлэлд хохирол учруулах агуулга
зөвшөөрөлгүй сурталчилгаа, spam, хүсээгүй шууд маркетинг эсхүл бусдын холбоо барих мэдээлэл цуглуулах зорилготой агуулга;
Платформын зориулалтад илт хамааралгүй, эсхүл бусдын эрх, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах бусад агуулга.
7.4. Контентын эрх ба Loca-д олгох ашиглах эрх
Хэрэглэгч нь өөрийн Контентын зохиогчийн эрх болон бусад эрхээ хадгална. Энэхүү Нөхцөл нь Хэрэглэгчийн Контентын өмчлөх эрхийг Loca-д шилжүүлэхгүй.
Хэрэглэгч Контент оруулснаар Loca-д тухайн Контентыг Платформыг ажиллуулах, хадгалах, техникийн хувьд боловсруулах, харуулах, хайлтын үр дүнд оруулах, модерацлах, нөөцлөх, Нөхцөлийг хэрэгжүүлэх, гомдол болон хууль ёсны шаардлагыг шийдвэрлэхэд шаардлагатай хүрээнд ашиглах, хуулбарлах, нийтэд дамжуулах хязгаарлагдмал, үнэ төлбөргүй, онцгой бус эрх олгоно.
Хэрэглэгч Контентоо устгасан, эсхүл Аккаунтаа хаах хүсэлт гаргасан тохиолдолд Loca нь Платформ дээр нийтэд харагдах Контентыг боломжит хугацаанд устгах, нуух эсхүл хязгаарлах арга хэмжээ авч болно. Энэ нь Нууцлалын бодлого, нөөц хуулбар, гомдол, маргаан, хууль ёсны шаардлагын дагуу хадгалах шаардлагатай Контентод хамаарахгүй.
7.5. Сөрөг сэтгэгдэл ба Бизнесийн гомдол
Сэтгэгдэл, үнэлгээ, асуулт, хариулт нь сөрөг, тааламжгүй эсхүл Бизнесийн ашиг сонирхолд нийцэхгүй гэсэн үндэслэл дангаараа тухайн Контентыг устгах, нуух эсхүл өөрчлөх хангалттай үндэслэл болохгүй.
Бизнес, Эзэмшигч, эрх эзэмшигч эсхүл бусад этгээд Контент нь хууль, энэхүү Нөхцөл эсхүл бусдын эрхийг зөрчсөн гэж үзвэл 9 дүгээр бүлэгт заасан журмаар мэдэгдэл гаргаж болно.
8.1. Ерөнхий нөхцөл
Loca нь Хэрэглэгч болон Бизнес, Эзэмшигч эсхүл түүний эрх бүхий төлөөлөгчийн хооронд Бизнесийн бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой асуулт, хариулт, мэдээлэл солилцох зорилгоор чат болон бусад харилцааны функц санал болгож болно.
Чат ашигласнаар Хэрэглэгч болон Бизнесийн хооронд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, захиалга хийх, гэрээ байгуулах, төлбөр төлөх эсхүл өөр эрх зүйн харилцаа автоматаар үүсэхгүй.
Чатад илгээсэн текст, зураг, файл, холбоос болон бусад агуулга нь 7 дугаар бүлэгт заасан Хэрэглэгчийн Контентод хамаарна.
8.2. Талуудын үүрэг
Хэрэглэгч болон Бизнес нь чатад үнэн зөв, үйлчилгээтэй холбоотой, ойлгомжтой, хууль ёсны бөгөөд бусдын эрхийг хүндэтгэсэн агуулга илгээнэ.
Бизнесийн нэрийн өмнөөс чатад хариулж буй этгээд нь тухайн Бизнесийн Эзэмшигч эсхүл түүний эрх олгосон төлөөлөгч байна. Эзэмшигч нь Бизнесийн Аккаунт, эрх бүхий төлөөлөгч болон тэдгээрийн чатад илгээсэн агуулгад хариуцна.
Чатыг доромжлох, дарамтлах, залилан мэхлэх, spam илгээх, хууль бус бараа, ажил, үйлчилгээг сурталчлах, бусдын хувийн болон нууц мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, эсхүл Платформын аюулгүй байдалд эрсдэл учруулах зорилгоор ашиглахгүй.
8.3. Хувийн мэдээлэл ба аюулгүй байдал
Хэрэглэгч болон Бизнес нь чатад нууц үг, OTP код, банкны картын мэдээлэл, CVV/CVC код, дансны нэвтрэх мэдээлэл, иргэний үнэмлэхийн зураг болон бусад эмзэг хувийн мэдээлэл илгээхгүй.
Loca нь чат бүрийг урьдчилан эсхүл бодит цаг хугацаанд хянах үүрэггүй.
8.4. Хариуцлага
Чатаар солилцсон мэдээлэл, тохиролцоо, үнэ, захиалга, төлбөр, хүргэлт, буцаалт, баталгаа, бараа, ажил, үйлчилгээний чанар болон талуудын хооронд үүссэн аливаа хэлцэл, маргаанд Loca тал болохгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч болон Бизнес нь чатаар тохирсон аливаа үйлдэл, Платформоос гадуур хийсэн төлбөр, уулзалт, бараа хүлээлцэх, үйлчилгээ авах, хувийн мэдээлэл өгөх болон бусад харилцааны эрсдэлийг өөрсдөө үнэлж, хариуцна.
9.1. Мэдэгдэл гаргах, шалгах
Хэрэглэгч, Бизнес, Эзэмшигч, эрх эзэмшигч эсхүл бусад этгээд нь Платформ дахь Контент, Чат, Бизнесийн профайл, засварын санал, Бизнес нэмэх хүсэлт, Эзэмших хүсэлт, Аккаунт эсхүл бусад үйл ажиллагаа нь хууль тогтоомж, энэхүү Нөхцөл, Контентын бодлого эсхүл өөрийн эрхийг зөрчсөн гэж үзвэл Loca-д report, гомдол, эрх зөрчлийн мэдэгдэл, хянуулах хүсэлт гаргаж болно.
Мэдэгдлийг Платформын report функц, Loca-аас заасан имэйл хаяг эсхүл бусад албан ёсны сувгаар гаргана.
Loca нь мэдэгдлийн бүрэн байдал, агуулга, нотлох баримт, холбогдох талуудын эрх, Платформын аюулгүй байдал болон холбогдох хууль тогтоомжийг харгалзан шалгана.
Loca нь мэдэгдлийг шийдвэрлэхийн тулд мэдэгдэл гаргагч, Контент оруулсан Хэрэглэгч, Бизнес, Эзэмшигч эсхүл бусад холбогдох этгээдээс нэмэлт тайлбар, баримт, баталгаажуулалт шаардаж болно.
Мэдэгдэл гаргасан нь тухайн Контент, Чат, Бизнесийн профайл, Аккаунт эсхүл бусад агуулгыг автоматаар устгах, өөрчлөх, нуух, хаах үндэслэл болохгүй.
Loca нь Контент бүрийг урьдчилан шалгах, бүх зөрчлийг илрүүлэх, эсхүл мэдэгдэл бүрийг тодорхой үр дүнд хүргэх баталгаа гаргахгүй. Гэхдээ Loca нь Платформын аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, холбогдох хууль тогтоомжийг харгалзан зохистой арга хэмжээ авна.
9.2. AI ба автомат модерац
Loca нь хууль, энэхүү Нөхцөл, Нэмэлт нөхцөл, Контентын бодлогыг зөрчсөн, эсхүл бусдын эрх, Платформын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй Контентыг илрүүлэх, ангилах, шалгах зорилгоор AI болон бусад автомат хэрэгсэл ашиглаж болно.
AI болон автомат хэрэгсэл нь Контентыг flag хийх, нийтлэхээс татгалзах, түр нуух, нэмэлт хяналтад шилжүүлэх, эсхүл Платформын техникийн шийдлээс хамааран тодорхой төрлийн Контентод автомат түр арга хэмжээ авахад ашиглагдаж болно.
AI болон автомат модерац нь алдаагүй шийдвэр гаргах баталгаа биш. Loca нь боломжит тохиолдолд хүний дахин хяналт хийх, Хэрэглэгч, Эзэмшигч, Бизнес болон гомдол гаргасан этгээдэд дахин хянуулах хүсэлт гаргах боломж олгоно.
Хувийн мэдээлэл задруулах, залилан, хортой код, хүчирхийлэл, хууль бус бараа/үйлчилгээ, хүүхдийн аюулгүй байдал, эсхүл бусдын эрх ашигт шууд эрсдэл учруулж болзошгүй Контентод Loca автомат болон урьдчилсан мэдэгдэлгүй түр хамгаалалтын арга хэмжээ авч болно.
10.1. Loca-ийн оюуны өмч
Платформ, түүний программ хангамж, дизайн, интерфейс, бүтэц, мэдээллийн сангийн зохион байгуулалт, нэр, лого, барааны тэмдэг, текст, дүрслэл, график, хайлтын болон эрэмбэлэлтийн шийдэл, бусад материалтай холбоотой оюуны өмчийн эрх нь Loca эсхүл холбогдох эрх эзэмшигчид хамаарна.
Хэрэглэгчид энэхүү Нөхцөлийн хүрээнд Платформыг зөвхөн хувийн, хууль ёсны болон зориулалтын дагуу ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, шилжүүлэхгүй, буцаан олгож болохгүй эрх олгоно.
Loca-аас урьдчилан бичгээр зөвшөөрөөгүй бол Хэрэглэгч Платформын аль нэг хэсгийг хуулбарлах, өөрчлөх, задлан шинжлэх, дахин нийтлэх, худалдах, лицензлэх, түрээслэх, түгээх, олон нийтэд дамжуулах, өгөгдлийг олноор нь татах, scraping, crawler, bot эсхүл бусад автоматжуулсан аргаар ашиглахгүй.
Хэрэглэгч нь Loca-ийн нэр, лого, барааны тэмдэг, домэйн, дизайн, бусад таних тэмдэг болон түүнтэй төөрөгдөл үүсгэж болох ижил төстэй тэмдэглэгээг Loca-ийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй.
10.2. Гуравдагч талын эрх
Платформ дээрх гуравдагч этгээдийн нэр, лого, барааны тэмдэг, зураг, текст, холбоос, газрын зураг, API, мэдээллийн сан, Контент болон бусад материал нь тухайн эрх эзэмшигчийн эрхэд хамаарна.
Хэрэглэгч нь гуравдагч этгээдийн материал, Контентыг хуулбарлах, дахин ашиглах, түгээх, өөрчлөх, арилжааны зорилгоор ашиглахдаа тухайн эрх эзэмшигчийн зөвшөөрөл, холбогдох лиценз, үйлчилгээний нөхцөл болон хууль тогтоомжийг мөрдөнө.
Хэрэглэгч Платформ дээр гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн материал ашиглахгүй. Эрх зөрчигдсөн гэж үзсэн этгээд 9 дүгээр бүлэгт заасан журмаар Loca-д мэдэгдэл хүргүүлж болно.
11.1. Арга хэмжээ авах үндэслэл
Loca нь Хэрэглэгч, Бизнес, Эзэмшигч эсхүл түүний эрх бүхий төлөөлөгч энэхүү Нөхцөл, Нэмэлт нөхцөл, Контентын бодлого, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Платформ, бусад Хэрэглэгч, Бизнес, гуравдагч этгээдийн эрх, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхолд эрсдэл учруулсан гэж үндэслэлтэй үзвэл энэ бүлэгт заасан арга хэмжээ авч болно.
Арга хэмжээ авах үндэслэлд дараах нөхцөл хамаарна:
буруу, хуурамч, төөрөгдүүлсэн, хууль бус эсхүл бусдын эрх зөрчсөн Контент, мэдээлэл, баримт, Эзэмших хүсэлт, засварын санал, Бизнес нэмэх хүсэлт оруулсан;
Аккаунт, Чат, Бизнесийн профайл, Эзэмшигчийн эрх эсхүл Платформын бусад функцийг залилан, spam, дарамт, шантааж, хуурамч сэтгэгдэл, хууль бус сурталчилгаа, аюулгүй байдлын зөрчил, бусдыг төөрөгдүүлэх эсхүл өөр хууль бус зорилгоор ашигласан;
Платформын аюулгүй байдал, техникийн ажиллагаа, өгөгдөл, Аккаунт, нэвтрэх хяналт, мэдээллийн сан эсхүл бусад Хэрэглэгчийн ашиглах эрхэд халдсан, халдахыг оролдсон;
Loca-аас хууль ёсны үндэслэлээр шаардсан тайлбар, баримт, баталгаажуулалт эсхүл засварыг зохих хугацаанд гаргаагүй;
эрх бүхий байгууллага, шүүх эсхүл холбогдох хууль тогтоомжийн шаардлагын дагуу арга хэмжээ авах шаардлагатай болсон;
бусдын эрх, Платформын аюулгүй байдал эсхүл хэрэглэгчийн эрх ашигт бодит, ноцтой эсхүл яаралтай эрсдэл үүссэн.
11.2. Авах арга хэмжээ
Loca нь зөрчлийн шинж, давтамж, учирч болох хохирол, яаралтай байдал болон бусад нөхцөлийг харгалзан дараах арга хэмжээний нэг буюу хэд хэдийг авч болно:
сануулах, тайлбар, баримт, нэмэлт баталгаажуулалт эсхүл засвар шаардах;
Контент, сэтгэгдэл, үнэлгээ, асуулт, хариулт, зураг, файл, чат, засварын санал, Бизнес нэмэх хүсэлт эсхүл бусад мэдээллийг нуух, хязгаарлах, устгах эсхүл нийтлэхээс татгалзах;
тодорхой функц, тухайлбал Контент оруулах, Чат ашиглах, report гаргах, Бизнес нэмэх санал гаргах, засварын санал гаргах, Эзэмших хүсэлт гаргах, Бизнесийн профайл удирдах эрхийг түр эсхүл бүрмөсөн хязгаарлах;
Аккаунт, Эзэмшигчийн эрх, Бизнесийн профайл удирдах эрхийг түр түдгэлзүүлэх, цуцлах эсхүл хаах;
Бизнесийн профайл, түүний тодорхой мэдээлэл, сурталчилгаа, онцлох байршуулалт эсхүл бусад Контентыг нуух, хязгаарлах, устгах, нийтлэхээс татгалзах;
хууль ёсны шаардлага, аюулгүй байдлын хэрэгцээ, гомдол, маргаан, нотлох баримтын хадгалалттай холбоотойгоор холбогдох мэдээлэл, Контент, техникийн логийг хадгалах, шалгах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх.
Loca нь боломжтой тохиолдолд арга хэмжээний шалтгаан, хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа эсхүл зөрчлийг арилгах боломжийн талаар Хэрэглэгч, Бизнес эсхүл Эзэмшигчид мэдэгдэнэ.
Хувийн мэдээлэл задрах, залилан, хууль бус агуулга, ноцтой аюулгүй байдлын эрсдэл, бусдын эрхэд шууд хохирол учрах нөхцөл, эрх бүхий байгууллагын шаардлага эсхүл Платформын хэвийн ажиллагааг хамгаалах шаардлага үүссэн тохиолдолд Loca урьдчилан мэдэгдэлгүйгээр яаралтай арга хэмжээ авч болно.
12.1. Баталгаа хязгаар
Loca нь Платформыг боломжит техникийн нөхцөл, хүчин чадал болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллуулахыг зорин ажиллана.
Loca нь Платформ тасралтгүй, алдаагүй, аюулгүй, бүх төхөөрөмж, сүлжээ, байршилд ажиллана, эсхүл Хэрэглэгчийн тодорхой хэрэгцээ, зорилгод бүрэн нийцнэ гэсэн баталгаа гаргахгүй.
Loca нь Платформд харуулсан Бизнесийн бараа, ажил, үйлчилгээ, үнэ, урамшуулал, ажиллах цаг, байршил, лиценз, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал, бэлэн байдал, хүргэлт, буцаалт, баталгаа, эсхүл Бизнесийн Хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэгт баталгаа гаргахгүй.
Хэрэглэгч нь Платформын мэдээлэл, Контент, хайлтын үр дүн, Чат, гуравдагч талын холбоос болон бусад мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахаас өмнө шаардлагатай мэдээллийг тухайн Бизнес, үйлчилгээ үзүүлэгч эсхүл эрх бүхий бусад эх сурвалжаас бие даан нягтална.
12.2. Бусад талын харилцаа
Loca нь Хэрэглэгч болон Бизнесийн хооронд бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах, захиалах, төлбөр хийх, хүргэх, буцаах, солих, баталгаат үйлчилгээ үзүүлэх, маргаан шийдвэрлэх харилцааны тал биш бөгөөд тэдгээрийн хоорондын тохиролцоо, хэлцэл, үүргийн биелэлтэд хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч болон Бизнес нь Платформоор дамжуулан эсхүл Платформоос гадуур үүсгэсэн харилцаа, гэрээ, төлбөр, бараа, ажил, үйлчилгээ болон маргаанаа өөрсдөө шийдвэрлэнэ.
13.1. Loca нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаж, хадгалж, хамгаална.
13.2. Нууцлалын бодлого нь энэхүү Нөхцөлийн салшгүй хэсэг байна. Хэрэглэгч Платформыг ашигласнаар Нууцлалын бодлоготой танилцаж, түүнийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрнө. Хувийн мэдээллийг боловсруулах хууль зүйн үндэслэл, шаардлагатай тохиолдлын зөвшөөрлийг Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхойлно.
13.3. Хувийн мэдээллийн төрөл, боловсруулах зорилго, эрх зүйн үндэслэл, хадгалах хугацаа, гуравдагч талд дамжуулах нөхцөл, хил дамнасан боловсруулалт, аюулгүй байдлын арга хэмжээ, Хэрэглэгчийн эрх болон тэдгээрийг хэрэгжүүлэх журмыг Нууцлалын бодлогод дэлгэрэнгүй тодорхойлно.
13.4. Хэрэглэгч нь Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжид заасан хүрээнд өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, засах, устгуулах, боловсруулахыг хязгаарлуулах, зөвшөөрлөө цуцлах, гомдол болон хүсэлт гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлж болно.
13.5. Хэрэглэгч хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, гомдлоо info@loca.mn нууцлалын асуудал хариуцсан имэйл хаяг, эсхүл Loca-аас заасан бусад сувгаар гаргаж болно. Loca нь хүсэлт гаргагчийн хэн болохыг баталгаажуулах, хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл, тайлбар, баримт шаардаж болно.
13.6. Loca нь хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор зохистой техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.
14.1. Loca нь хууль тогтоомж, Платформын үйлчилгээ, техник, аюулгүй байдал, бизнесийн загвар болон бусад зохистой үндэслэлээр энэхүү Нөхцөл, Нэмэлт нөхцөл, Контентын бодлого, Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно.
14.2. Loca нь Нөхцөлийн шинэчилсэн хувилбарыг Платформ дээр нийтэлж, хүчин төгөлдөр болох огноог тодорхой заана.
14.3. Хэрэглэгчийн эрх, үүрэг, Платформын үндсэн үйлчилгээ, эсхүл хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой чухал өөрчлөлт оруулах бол Loca нь боломжит тохиолдолд хүчин төгөлдөр болохоос дор хаяж 14 хоногийн өмнө Платформ эсхүл Хэрэглэгчийн бүртгэлтэй холбоо барих сувгаар мэдэгдэнэ.
14.4. Хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлага, аюулгүй байдлын яаралтай эрсдэл, эсхүл Платформын хэвийн ажиллагааг хамгаалах шаардлагын улмаас Loca өөрчлөлтийг богино хугацаанд эсхүл нэн даруй хүчин төгөлдөр болгож болно.
14.5. Хуульд өөрөөр заагаагүй бол Хэрэглэгч шинэчилсэн Нөхцөл хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашигласнаар уг Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
14.6. Хэрэглэгч шинэчилсэн Нөхцөлтэй санал нийлэхгүй бол Платформын ашиглалтыг зогсоож болно. Аккаунт хаах, устгах хүсэлтийг 3.6-д заасан журмаар гаргана.
14.7. Хувийн мэдээлэл боловсруулах зорилго, төрөл, хүлээн авагч, хадгалах хугацаа, эсхүл Хэрэглэгчийн зөвшөөрөлд нөлөөлөх өөрчлөлтийг Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт зөвшөөрөл авна.
15.1. Хэрэглэгч, Бизнес, Эзэмшигч, эсхүл бусад этгээд Платформ, энэхүү Нөхцөл болон Loca-ийн үйлчилгээтэй холбоотой ерөнхий гомдол, санал, хүсэлтээ info@loca.mn албан имэйл хаяг, эсхүл Loca-аас заасан бусад сувгаар гаргаж болно.
15.2. Контент, модерац, Аккаунт, Эзэмшигчийн эрх, Нууцлал болон бусад тусгай асуудалтай холбоотой гомдол, хүсэлтийг энэхүү Нөхцөлийн холбогдох бүлэг болон Нууцлалын бодлогод заасан журмаар шийдвэрлэнэ.
15.3. Энэхүү Нөхцөл, Платформын ашиглалт, эсхүл Loca-ийн үйлчилгээтэй холбоотой маргаан гарвал талууд эхлээд харилцан хэлэлцээний журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
15.4. Хэлэлцээгээр шийдвэрлэгдээгүй маргааныг талууд харилцан зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан журмаар эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж болно.
15.5. Энэхүү зүйл нь талуудын шүүх, эрх бүхий байгууллага, эсхүл хуульд заасан бусад маргаан шийдвэрлэх байгууллагад хандах эрхийг хязгаарлахгүй.
15.6. Энэхүү Нөхцөл, түүнийг тайлбарлах, хэрэгжүүлэх болон Платформын ашиглалттай холбоотой харилцаанд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.
15.7. Хэлэлцээгээр шийдвэрлэгдээгүй, эсхүл талууд эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэхээр харилцан тохиролцоогүй маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан харьяаллын дагуу эрх бүхий шүүх шийдвэрлэнэ.
15.8. Энэхүү Нөхцөл, Нууцлалын бодлого, Контентын бодлого болон холбогдох Нэмэлт нөхцөл нь Платформыг ашиглахтай холбоотой Loca болон Хэрэглэгчийн хоорондох нийтлэг ойлголцлыг бүрдүүлнэ.
15.9. Loca нь энэхүү Нөхцөлөөр олгогдсон аливаа эрх, арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлээгүй, хойшлуулсан, эсхүл хэсэгчлэн хэрэгжүүлсэн нь тухайн эрхээс бүрмөсөн татгалзсан гэсэн утга агуулахгүй.